Монголын Хохирол Үнэлэгчдийн Холбоо нь 2013 онд үүсэн байгуулагдсан. Монголын Хохирол Үнэлэгчдийн Холбоо /МХҮХ/ нь Хөрөнгийн Үнэлгээний тухай хуулийн 25.1 дэх заалтад заасан /... хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага нь үнэлгээчдийг эгнээндээ нэгтгэсэн, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах зорилго бүхий гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага байна.../ төрийн бус байгууллага юм.

“МОНГОЛ ОРОНД ДААТГАЛЫН ХӨГЖЛИЙГ ХӨТЛӨГЧ БАЙХ”

  • Монгол улсад хохирлын үнэлгээний үйл ажиллагааг төлөвшүүлэн хөгжүүлэх, эрсдлийн бодит судалгаа гаргах учир шалтгааныг тодруулах, эрсдлийг бууруулах
  • Даатгалын зах зээлийн тогтвортой хөгжлийг хангахад үнэлгээний компаниудын үүрэг, оролцоог дээшлүүлэх,
  • Даатгагчдын болон даатгуулагчдын хоорондын итгэлцлэлийг бэхжүүлэх,
  • Даатгалын хохирол үнэлэгч гишүүн байгууллагуудынхаа нэр хүнд, хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалах,
  • Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай харилцах, мэргэжлийн сургалт зохион байгуулахад оршино.
Нийгэмд шударга ёс тогтооход бидний оруулсан хувь нэмэр
Үндсэн чиглэл:
  • “Хөрөнгийн үнэлгээний тухай хууль”-ийн 3.1.3-д заасан зүйлийн үнэлгээ, түүнд учирсан хохирлын үнэлгээ
  • Хүний амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаа, алдар хүндэд учирсан хохирлын үнэлгээ
  • Байгаль орчин, Гамшгийн үнэлгээ /1974 онд Венесуэлийн Каракаст болсон олон улсын бага хурлаас байгалийн гамшигт 15 үзэгдлийг оруулсан/

Холбоо нь хууль тогтоомж болон холбогдох дүрэм журамд нийцсэн дараахь үйл ажиллагааг явуулна. Үүнд:

  • Гишүүдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалах, энэ тухай асуудлаар холбогдох байгууллагад асуудлыг тавьж шийдвэрлүүлэх;
  • Үнэлгээний болон хохирлын үнэлгээний эрх зүйн орчныг сайжруулах, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам боловсруулах болон өөрчлөлт оруулахад бусад мэргэжлийн байгуууллага болон төрийн захиргааны холбогдох байгууллагуудад санал хүргүүлэх, тэдэнтэй хамтран ажиллах;
  • Хөрөнгийн үнэлгээний болон хохирол үнэлгээний үндэсний стандартыг боловсруулж мөрдүүлэх
  • Хохирлын үнэлгээний үйл ажиллагааны чиглэлээр ажиллаж буй гишүүд болон харилцаж буй төрийн байгууллага, аж ахуй нэгж, хувь хүн, даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчдод хохирлын үнэлгээний чиглэлээр сургалт, семинар зохион байгуулах, тэмдэг, сертификат, гэрчилгээ олгох;
  • Хөрөнгийн үнэлгээ, хохирлын үнэлгээний үйл ажиллагааны чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах;
  • Хэвлэл мэдээллээр хохирлын үнэлгээний үйл ажиллагааг нийтэд таниулах, гишүүн байгууллагуудыг сурталчлах;
  • Мэргэжлийн ном, сэтгүүл хэвлэн нийтлүүлэх;
  • Хөрөнгийн болон хохирлын үнэлгээний чиглэлээр олон улсын нэр хүндтэй байгууллагуудтай түншлэх, гишүүнээр элсэх, хамтран ажиллах;
  • Гишүүдийн бүртгэл, мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгуулах;
  • Холбооны гишүүдийн мэдлэг ур чадварыг сайжруулах, мэргэшсэн үнэлгээчин болон хохирол үнэлэгчийн анхан, ахисан шатны сургалт зохион байгуулах

Манай холбоо нь үйл ажиллагаа, сахилга хариуцлага, хууль журам үнэлгээний үйл явцыг боловсронгуй болгох зорилгоор хууль, журманд заасан дараах зөвлөлүүдийг байгуулан ажиллаж байна. Үүнд:

  • Мэргэжлийн зөвлөл /9 хүний бүрэлдхүүнтэй/
  • Ёс зүйн зөвлөл / 3 хүний бүрэлдхүүнтэй/
  • Хяналтын зөвлөл / 3 хүний бүрэлдхүүнтэй/

Мэргэшсэн үнэлгээчид болон үнэлгээний ажилчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, боловсон хүчин бэлтгэх зорилгоор дараах сургалтуудыг зохион байгуулж байна.

  • Сангийн яамны НБББГ-ын баталсан хөтөлбөрийн дагуу мэргэшсэн үнэлгээчин бэлтгэх анхан шатны сургалт
  • Даатгалын болон даатгалын бус хохирлыг үнэлэх мэдлэг олгох сургалт/ анхан шатны, мэргэшил дээшлүүлэх/
  • Мөн БНСУ-ын Хохирол Үнэлэгчдийн Холбоо/СХҮХ/-той 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ” –т гарын үсэг зурж баталгаажуулснаар засаглалын чадавхиар тэргүүлэгч орнуудын туршлага судлах, боловсон хүчин бэлтгэх, сургах, хууль тогтоомжыг сайжруулах чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна.
  • БНСУ-ын Хохирол Үнэлэгчдийн холбоотой хамтран 2015 оны 05 сарын 18-23 ны өдрүүдэд “Ослын улмаас учирсан хохирлын үнэлгээ” сэдвээр сургалт зохион байгуулж хүний эрүүл мэнд, амь нас, сэтгэл санаа, нэр төрд учирсан хохирлыг үнэлэх сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж ХЭҮК, СЗХ, ШШҮТ, Тээврийн прокурор, Даатгалын байгууллагууд, АТГ, ТЕГ, гишүүн байгууллагууд, эрдэмтэн багш нар зэрэг 70 гаруй мэргэжилтнүүдийг хамрууллаа.
  • БНСУ-ын KOIKA олон улсын байгууллагын дэмжлэгэтэйгээр МУ-ын үнэлгээний хууль, эрх зүйн орчинг сайжруулах, үнэлгээчдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилгоор дунд хугацааны зөвлөх ажиллахад бэлэн болоод байна. БНСУ-д зөвлөх мэргэжилтний сонгон шалгаруулалт явагдсан.
  • Агаарын тээвэр, автотээвэр, төмөр замын тээвэрт ашиглагдаж байгаа тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээ тогтоох талаар Тээврийн прокурорын газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулах ажиллаж байна.
  • Ажилдаа дадлагажсан өндөр мэдлэг боловсролтой, оюунлаг, чадвартай мэргэшсэн үнэлгээчдийг нэгтгэсэн гишүүн байгууллагуудтай;
  • Улс орон даяар зохион байгуулах төсөл, хөтөлбөрт боловсон хүчний нөөц бололцоо хангалттай
  • Нэгдсэн программ, арга аргачлал, мэдээллийн сантай;
  • Мэргэжлийн ёс зүй өндөртэй, бие даасан, хараат бус шийдвэр гаргах чадвартай мэргэшсэн үнэлгээчидтэй;
  • Сургалт, семинар зохион байгуулах орчин үеийн техник, технологиор тохижуулсан сургалтын танхимтай
  • Тус холбооны гишүүн байгууллагууд нь сүүлийн 15 жилийн туршид Улсын хэмжээний байгаль цаг уур, гал түймэр, авто осол, бусад эрсдэлийн улмаас иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудад учирсан хохирлын үнэлгээг хийж ирсэн арвин туршлагатай хамт олон.
  • ТЕГ, АТГ, Цагдаагийн байгууллага, шүүгчийн захирамж, албан байгууллага, иргэний хүсэлтийн дагуу үнэлгээний болон зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд аль нэг компанийн гаргасан үнэлгээний дүгнэлтэнд үйлчлүүлэгч санал нийлээгүй тохиолдолд бүрэлдэхүүнтэй шинжээч томилж шуурхай шийдвэрлэж байна.
МХҮХ нь үйл ажиллагааны үндсэн чиглэлийн дагуу дараах бодлогын хороодыг зохион байгуулж бодлогын бичиг баримт, төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
  • Хөрөнгө, түүнд учирсан хохирлын үнэлгээний бодлогын хороо
  • Хүний амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаа, алдар хүндэд учирсан хохирлын үнэлгээний бодлогын хороо
  • Байгаль орчин, Гамшгийн үнэлгээний бодлогын хороо
Мөн Монгол Улсын Үнэлгээний Үндэсний стандарт боловсруулах, Хүний амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төрийн хохирлыг үнэлэх арга аргачилал боловсруулах ажлын хэсгүүдийг төрийн байгууллага, мэргэжлийн холбоод, мэргэшсэн үнэлгээчид, эрдэмтэн багш нарын бүрэлдхүүнтэйгээр байгуулж суурь судалгааны ажилдаа ороод байна.
Холбоо нь доктор, профессор, бизнесийн удирдлага, удирдахуйн ухаан, эдийн засаг, техникийн шинжлэх ухааны магистр, инженер, эдийн засагч, ХАА-н мэргэжилтнүүд зэрэг төрөл бүрийн мэргэжил бүхий мэргэшсэн үнэлгээчид, эрдэмтэн багш зэрэг оюуны өндөр чадамжтай, аль ч төрлийн үнэлгээний болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх сургалт, судалгаа зохион байгуулах ажлыг гүйцэтгэх боломжтой 70 гаруй гишүүдтэй.

Даатгалын салбарын хөгжил дэвшлийн төлөө өөрсдөөс шалтгаалах зүйлсийг санаачлан хэрэгжүүлж, ажил хэрэгч саналуудыг хөндөн зохих байгуулагад уламжлан ажиллаж байна. Жишээлбэл даатгалын бодлогын зөвлөлд дараах асуудлуудыг өргөн мэдүүлсэн.

Бодлогын санал:
  1. Даатгалын салбарт хуулийн хэрэгжилтийг сайжруулах, Санхүүгийн зохицуулах хорооноос ажлын хэсэг гаргаж, даатгалын багц дүрмэнд хуулийн хэрэгжилтэнд сөрөг нөлөө үзүүлж буй заалтуудыг хянан үзэж залруулах.
  2. Даатгалын тухай асуудлыг цогцоор нь авч үзэж ялангуяа Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль, Жолоочийн даатгалын тухай хууль зэргийг хэрхэн боловсронгуй болгох чиглэл, үзэл баримтлалыг тодорхойлох. Энэ талаар бид дараах саналтай байна. Үүнд:
    • Даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулинд байгаа хохирол үнэлэгчийн тухай заалтуудыг хэвээр байлгах.
    • Даатгалын тухай хуулинд Даатгалын тохиолдол гаргасан даатгуулагч хохирол үнэлэгчийг өөрөө сонгоно. Даатгагчаас даатгуулагчид хохирол үнэлэгчийг санал болгохыг хориглоно. Гэсэн заалтыг нэмж оруулах.
  3. Даатгалын компаниудын нөхөн төлбөрийн албаны үүрэг, бүтцийг бодлогын хэмжээнд авч үзэх, хохирол үнэлэгч нарын хуулиар олгогдсон эрх үүрэгтэй давхардлыг арилгах.
  4. Даатгалын нөхөн төлбөрийн ажиллагсад болон түүнийг удирдах хянах эрх бүхий хүмүүс 100% хохирол үнэлгээний сургалтанд суралцаж шалгалтанд тэнцсэн байх. Жил бүр богино хугацааны сургалтанд хамрагдаж байх.
  5. Даатгалын үнэлгээнд “Стандарт үнэ” мөрддөг байх хууль эрх зүйн орчин бүрдүүлэх талаар зөвлөмж боловсруулж холбогдох газруудад хүргүүлэх.
  6. Хохирлын үнэлгээг хөгжүүлэхийг дэмжих. Учирсан хохирлыг бодитой тогтоож иргэний хууль болон бусад хуулинд заасан хохирол барагдуулахтай холбоотой заалтуудыг хэрэгжүүлэх бололцоо нөхцлөөр хангах нь даатгалыг хөгжүүлэх хүчтэй хөшүүрэг болно.
  7. Даатгалын салбарыг хамарсан эдийн засаг, хууль эрх зүйн нэр томьёог нэг мөр болгон тогтоох нь даатгагч, даатгуулагч, мэргэжлийн оролцогч нарын ойлголцлын зөрүүг арилгаж үйлчилгээг хөнгөн шуурхай болгоход ихээхэн ач холбогдол өгнө.
  8. Санхүүгийн зохицуулах хороо даатгалын үйл ажиллагаатай холбоотой журам, дүрэм, аргачлал батлахдаа мэргэжлийн холбоодын саналыг авч байх.

Гишүүн байгууллагууд

#htmlcaption1 #htmlcaption2 #htmlcaption3 #htmlcaption4 #htmlcaption5 #htmlcaption6 #htmlcaption7 #htmlcaption8 #htmlcaption9 #htmlcaption10 #htmlcaption11 #htmlcaption12


Санал асуулга